Соёл багийнхан: Айхгүйгээр зоригтой бүгдээрээ хичээгээд үзээрэй

xpost 2 цаг 51 минутын өмнө

Tomujin Alternative School суралцагчдынхаа дунд “Охид” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийнхан баг болж төсөл боловсруулан, боловсруулсан төслөөрөө нийгэмд тустай ажил хийдэг байна. Ингээд тус сургуулийн ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч “Соёл” баг болж нийслэлийн СХД-ийн 33 дугаар хороонд 20 камерыг 22 сая төгрөгийн санхүүжилтээр суулгасан байна. “Соёл” багийнхантай ярилцсанаа хүргэж байна.

-Төсөл хэзээ, хэрхэн эхэлж байсан бэ?
Багийн ахлагч Б.Энхжин: Манай сургууль “Томүжин Инкубатор” төслийн тэмцээн зохион байгуулдаг. Тэрхүү тэмцээнд манай сургуулийн ахлах ангийнхан нийгэмд хэрэгтэй зүйлийг хийж, хэрэгжүүлэх тэмцээн юм. Ингээд тэмцээнд оролцохын тулд бид нэг баг болж төсөлд оролцохоор шийдсэн. Төслийг анх 2026 оны нэгдүгээр сард эхлүүлж байсан. Сар гаруйн хугацаанд судалгааны ажлаа хийсэн.
-Багийнхан төслөө хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллаж байв?
Б.Хулан: Манай багийнхан азтай ч гэх юм уу тохиолдлоор бие биеэ олсон. Анхнаасаа бид өөр өөрсдийн үүргээ тодорхойлоогүй ч гэсэн явцын дунд бүгд өөр өөрсдийн хийх ёстой зүйлүүдээ мэдчихсэн. Жишээ нь, би гадаад харилцааг хариуцаж, хүмүүстэй контакт үүсгэж, компаниудтай харилцах, хүмүүстэй цаг авч уулзах гэх мэт зүйлийг хариуцдаг. Манай багийн ахлагч судалгааны ажлыг хариуцах, Б.Мөнхжин илтгэх, Э.Анударь маркетинг сошиалаа хариуцаж ажиллаж байсан.
Камер суурилуулах газраа яагаад заавал СХД-ийн 33 дугаар хороог сонгосон юм бэ?
Б.Мөнхжин: Бид хаана, ямар газар хамгийн их асуудалтай байна гэж ярилцаад Үндэсний статистикийн хороонд хандсан. Өөрсдийнхөө таамгаар биш хэрэгцээтэй байгаа газар нь тусламж хүргэж юм сан гэж үзсэн. Тэгээд тоон дээр суурилж илүү асуудлыг шийдсэн нь дээр гэж хичээсэн болохоор ҮСХ-нд хандаж хамгийн их гэмт хэрэг гарч байгаа хороог сонирхож асууж байсан. Тэгэхэд Сонгинохайрхан дүүрэг гэж гарч ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай уулзаж үзэхэд 33 дугаар хороог бидэнд санал болгосон. Бид өөрсдөө тэр хороонд очиж үзээд, ер нь нэлээд удаан хугацаанд тэнд бараг амьдарсан. Тэр хороог сонгосондоо их баярласан. Тэнд амьдардаг бидэнтэй чацуу охид, 122 дугаар сургуулийн сурагчид сургуульдаа явахаас айдаг, охид нь юпка өмсөхөөс айдаг гэж ярихад нь үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Хэсгийн ахлагч эгч нартай уулзаад, хорооныхонтой уулзаж, ярилцаад тэрхүү хороог сонгосон нь зөв байсан юм байна гэсэн итгэлтэй болсон.
-Ямар камерыг сонгож суурилуулсан бэ?
Багийн ахлагч Б.Энхжин: 24 цагийн хяналт хийх камерын стандарт байдаг юм байна лээ. Яг тэрхүү стандартынх нь камерыг судалж байгаад суурилуулсан.
-Камер суурилуулах байршлууда хэрхэн тодорхойлсон бэ?
Б.Хулан: Хэсгийн ахлагч эгч нартай уулзаад хүүхдүүдийн сургууль явах замд байвал зүгээр гэж ярилцсан. Дээрээс нь тэр хороонд нэг том жалга байдаг. Тэнд гурван охин хүчингийн хэргийн хохирогч болсон тухай бидэнд ярьсан учраас тэр хавьд бас камерын хяналт байвал зүгээр юм байна гэж ярилцаад гэмт хэрэг их гардаг газруудыг бас сонгож суулгасан.
-Анх эхлэхдээ шууд камер гэж ярилсан хэрэг үү. Өөр олон санаа гарч байв уу?
Багийн ахлагч Б.Энхжин: Анх бид баг болоод маш амбицтай, маш томоор санаануудаа дэвшүүлж байсан. Тоглоомын талбайг засаж өгье, гэрэлтүүлэг хийе, замыг нь засъя гэх мэтээр маш олон зүйлийг ярилцаж байгаад бага багаар хийх ёстой юм байна гээд багаас нь эхлүүлсэн.
-Тухайн ажлыг эхлүүлэхдээ судалгаан дээр үндэслэн уулзалт, ярилцлага хийсэн гэсэн. Хүмүүсийн хамгийн их санаа давхацсан тулгамдсан асуудал нь юу байсан юм бэ?
Б.Мөнхжин: Анх бид ҮСТ-той яриад, СХД-ийн 33 дугаар хороогоо сонгочхоод ямар асуудал хамгийн их тулгамдаад байгааг ойлгох ёстой юм байна гэж үзээд, тэнд амьдардаг 5337 иргэнээс судалгаа авсан. Судлагаанд оролцсон иргэд аюулгүй байдал камержуулалт гэсэн зүйлийг хамгийн их ярьсан учраас камержуулалт нэн тэргүүнд хэрэгтэй байгаа юм байна гэж үзээд 33 дугаар хороонд 20 камерыг амжилттай суулгасан.
-Хөрөнгө оруулалт босгоход хүндрэлтэй байв уу?
Э.Анударь: Бид анх компаниуд руу мэйл илгээсэн. Дийлэнхээс нь хариу ирээгүй. Ганц, хоёр л газраас хариу ирсэн. Тэгээд мэйл бичихээр хариу ирэхгүй байгаа юм чинь залгаад үзье гээд эхнээс нь залгаж эхэлсэн. Холбогдсон газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд туслахыг хичээнэ гэж нааштай хүлээж авсан ч дараа нь эргээд холбогдохоор утсаа авахгүй, мессеж бичихээр хариу байхгүй таг болчихно. Утсаар яриад амжилт олохгүй бол очиж уулзъя гээд очсон. Уулзахаар туслана гээд утас авсан ч эргэж холбогддоггүй. Залгахаар утсаа авахгүй тохиолдлууд их гарсан. Тиймээс бид компаниудтай уулзаад бүтэхгүй юм байна гэж бодоод хандивын аян эхлүүлсэн. Хүмүүс хандивт маш сайн нэгдэж 100, 500, 1000 гээд маш олон хүний хандиваар энэ 22 сая төгрөг боссон.
Б.Мөнхжин: Бид байгууллагуудтай уулзахаар хамгийн түрүүнд бидэнд ямар ашигтай вэ гэж асууна. Тэр асуултад нь бид хамгийн их гацаж байсан. Бидний хувьд нийгэмдээ тустай ажил хийе, хувь нэмрээ оруулъя гээд хичээж байгаа ч томчууд бидэнтэй тэгэж харилцаж байсанд үнэхээр сонин санагдаж байсан. Тиймээс маш олон хүний 100, 200, 1000 төгрөгөөр 22 сая төгрөг маань боссон. Бид бас ийм хэмжээний хандив босгож чадсандаа өөрсдөөрөө бахархсан.
-Энэ ажлын ард гарахад шантрах үе гарч байв. Мэдээж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд гэр бүл, найз нөхөд, багш нарын дэмжлэг их хэрэг болсон байх?
Б.Хулан: Мэдээж нэгэнт эхлүүлсэн ажил учраас дуусгаж ард нь гарахын тулд багаараа хичээж ажилласан. Биднийг шөнийн 3, 4 цаг болтол ажлаа хийгээд сууж байхад аав ээжүүд маань хоол хийгээд бариад ирнэ. Чадахгүй юм байна гээд больё гэх үед “Та нар чадна аа” гээд л гэр бүлүүд маань, багш нар маань дэмжинэ. Энэ их дэмжлэгийг, итгэлийг эвдэхгүйн тулд заавал ард нь гарах ёстой юм байна гэж бодоод хичээсэн. Гэхдээ өнөөдөр ард нь гарчихсан ингээд сууж байгаа өөрсдөөрөө үнэхээр их бахархаж байна.
-Ийм том ажил хийж чадсандаа танай багт баяр хүргэе. Мэдээж ийм том зүйлийг хийхэд тусласан олон хүмүүст талархал илэрхийлмээр байгаа байх?
Багийн ахлагч Б.Энхжин: Мэдээж бидэнд тусалж дэмжсэн ээж аавууд, багш нар, төрийн байгууллагууд, хандивт оролцсон бүх хүмүүс, ҮСХ-ны хамт олон, СХД-ийн 33 дугаар хорооныхондоо маш их баярлаж байна. Бид тийм олон удаа, тэр олон бэрхшээлийг давж гараад ажлаа амжилттай дуусгаад камераа суулгасан. Хорооны хэсгийн ахлагч эгч нэг өдөр залгаад “Та нарын суулгасан камерын тусламжтай гэмт хэрэг илрүүлсэн” гэж хэлсэн. Хийсэн ажлын маань үр дүн эхнээсээ гарсан учраас тэр хүмүүсийн баярлалаа гэх үгнээс урам аваад, дахин төсөл хиймээр, дахин нийгэмдээ хувь нэмрээ оруулмаар тийм сайхан мэдрэмж авсан.
Төсөл эхлэх гэдэг зүйл төслийн 50 хувь нь юм шиг санагдсан. Маш олон хүүхдүүд би насанд хүрээгүй, би жаахан хүүхэд юм чинь гэж бодоод нийгэмдээ юм хиймээр байгаа ч больчихдог. Тэр айдсаа даван туулаад найзуудтайгаа ч юм уу, хамтдаа баг болоод жижигхэн ч гэсэн зүйлийг эхлүүлнэ гэдэг өөрөө маш том зориг. Түүнийгээ дагаад маш том туршлага хуримтлуулж байдаг. Тиймээс ямар нэгэн байдлаар айхгүйгээр зоригтой бүгдээрээ хичээгээд үзээрэй гэж уриалмаар байна.