Ц.Элбэгдорж: АТГ-аар орж асуусан зүйлд нь хариулъя гэсэн зорилготой ирлээ

xpost 8-р сар 17

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг 7 жил хууль хяналтын байгууллагаас шалгасны эцэст хууль зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна гэж үзэн хэргийг хүчингүй болгосон. Дараа нь хилийн хориг тавьсныг мөн шүүх хуралдаж хүчингүй болгосон. Хүмүүс намайг хэрэг хийгээд гараад явсан, одоо буцаж ирж байгаа юм байна гэж ойлгодог. Намайг хангалттай 7 жил шалгалаа. Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгахад нээлттэй байх ёстой гэж би хувьдаа боддог. 2023 оноос би Стэнфордын их сургуульд урилгаар ажиллаж байгаа. Өнөөдөр миний хамтран ажилладаг гурван байгууллагаас СОР17 уулзалтад оролцохоор ирсэн.
Дараа нь 2024 оны сонгуулийн үеэр миний нэрийг ашигласан муухай гүтгэлгүүд, үйл ажиллагаанууд баахан явсан. Ингээд Интерпол руу миний нэрийг явуулж нэг жил гаруй үйл ажиллагаа явагдсан. Интерпол шалгаад улс төрийн шалтгаантай юм байна гэж үзээд Монгол Улсын Засгийн газраас явуулсан хүсэлтийг хүчингүй болгосон. Ингэхээр шүүхийн талаасаа ч, олон улсын байгууллагын талаасаа ч юм байгаагүй. Ер нь олон улсад хамгийн ил тод, нээлттэй явдаг монгол хүмүүсийн нэг нь би.
АТГ-аас утасдаад өнөөдөр ирээч гэсэн. Би уг нь СОР17 урилгаа авчихсан. Үйл ажиллагаанд нь оролцох ёстой. Эхлээд АТГ-аар орж асуусан зүйлд нь хариулъя гэсэн зорилготой ирлээ” гэв.