Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгч, иргэн болоод хууль хяналтын байгууллагад шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдэв. Өмнө нь бүрэн эрхээ дуусгалгүй өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдол Монголд байхгүй. Энэ үйл явдал анхны тохиолдол болж буй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 оны зургаадугаар сард дуусгавар болох байв. Тэгвэл үлдсэн долоон сарын хугацаанд түүний бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх талаар хуульд заасан үндэслэлийг хүргэж байна.
Хуульд, шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ гэж заажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар:
- Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.
- Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
- Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно хэмээжээ.
Харин түүний ажлаа өгөх асуудал нь процессын хувьд нэгдүгээрт, Ерөнхийлөгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Иx Хуралд өргөдлөөр гаргана. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3.1-т зааснаар Улсын Их Хурал “ёсоор болгосон” тохиолдолд тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Тиймээс УИХ саналаа хураана. Хүсэлтийг дэмжихгүй бол чөлөөлөгдөхгүй байх үндэслэл ч бас бий.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх хүрээнд багтдаг бөгөөд Улсын Их Хурлын тухай хуулийн 23.8.2-т зааснаар хэлэлцэнэ.
Гуравдугаарт, Дэгийн тухай хуульд тухайн асуудлыг хэлэлцэх журам заагаагүй бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийг хэлэлцээд, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална. Батлагдсан дэг зөвхөн тухайн асуудалд үйлчлэх тухай мөн хуульд заажээ.
Дөрөвдүгээрт, Байнгын хороо өргөдлийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ ил санал хураалтаар, гишүүдийнхээ олонхын саналаар гаргана. Үүний дараа нэгдсэн хуралдаанд танилцуулах гишүүнээ томилох тухай Дэгийн тухай хуульд заасан байна.
Тавдугаарт, УИХ-ын гишүүдийн ирц бүрдэж, хуралдаан албан ёсоор Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр батлагдана.
Зургаадугаарт, УИХ-ын тогтоол батлагдмагц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Тэрбээр зарлиг, захирамжид “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” гэж гарын үсэг зурах бүрэн эрхтэй болно. Энэ нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.4, 11.6, 11.4-т заасан бүрэн эрх шилжихийг тогтоолд тусгах магадлалтай.
Долоодугаарт, УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна гэж Үндсэн хуулийн 37.2, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.8-т заажээ. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хуанли гаргана.
Иймд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль гурван сараар наашилж, ирэх оны гуравдугаар сард багтаан дараагийн Ерөнхийлөгч сонгогдох нь.

-12° C
3607
0 cэтгэгдэлтэй