Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цаашид ч хэвийн үргэлжилнэ гэдгийг онцлон тэмдэглэе. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэж, үнэн худлааг тогтоолгох шийдвэр гаргасан. Улсын Ерөнхий сайдын хувьд төрийн тэргүүний гаргасан эр зоригтой, ёс суртахууны өндөр жишээг харуулсан энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлье. Энэ жишгийн дагуу Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн үнэн мөнийг тогтоолгох шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдвэр гаргаж надад өнөөдөр өргөдлөө өглөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг чөлөөлөх Ерөнхий сайдын захирамжийг гаргаж, УИХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ. Мөн ЗГ-ын хурлаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна.
Сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудаар буюу УИХ-д сонсгол санаачилж ажиллаж байгаа гишүүдийн хүсэлтээр, ажиллаж байгаа шаардлага, сөрөг хүчний шаардлагад тусгагдсан гол үндэслэлүүд болох Гашуунсухайтын төмөр зам, Бодь группийн оффтэйк гэрээтэй холбоотой асуудлуудаар би байр сууриа илэрхийлье.
Улсын Ерөнхий сайдын хувьд Гашуунсухайтын төмөр зам, Бодь группийн оффтэйк гэрээтэй холбоотой баялгийн хулгайтай нэр нь холбогдсон ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан тухайн үед төр засагт ажиллаж байсан, шийдвэр гаргалцсан, төрийн бүх өндөр албан тушаалтнуудыг бүгдээрээ шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнд танай, манай гэлтгүй, хүний өөрийнгүй шалгуулах ёстой. Үнэн хагас дутуу байж болохгүй, бүрэн бүтэн байх ёстой. Тиймээс Монгол төрийн тэргүүн өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэе гэдэг жишгийн дагуу бүгдээрээ шалгуулах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нуугдаж энэ асуудлаас бултах эрх хэнд ч байхгүй.
Одоо бид үнэнийг хэлэх ёстой цаг ирлээ. Гашуунсухайтын төмөр зам, улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй юм аа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үг бий. Х.Баттулга Ерөнхийлөгч асан 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтэйк гэрээний ажил явуулна гэж урьдчилгаа төлбөр авч, шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болж өнөөдөр гадаад, дотоодын иргэд ял авч, зарим зөвлөх, туслахууд нь гадагшаа хил давж зугтаасан. Миний бие 2 жилийн өмнө Х.Баттулга Ерөнхийлөгч асан Төгрөг нуурын ордыг бусдаас үнэгүйдүүлэн авсан. 250 сая ам.долларыг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс босгож, бусдад зарсан гэдэг асуудлыг ярьж 507 хуудас материалыг ОУХБ, санхүүгийн байгууллагуудаас авч, олон улсын санхүүгийн шинжээч ажиллуулж тухайн үед хууль хяналтын байгууллагад гардуулж өгч байсан. Ингээд энэ хэрэг замхарсан. Монголд одоо материал өгдөг ч хэрэг нь шалгагддаггүй, үнэн мөн нь тогтоогддоггүй, буруутай бол буруутай, буруугүй бол буруугүй гэдэг шийдвэр гаргаж чаддаггүй. Ийм байдлаар асуудлыг хаахгүй, мухарлахгүй явсаар өнөөдрийн байдалд хүрээд байна. Тиймээс би Гашуунсухайтын төмөр замтай холбогдуулаад нэг хүний асуудал биш. Тухайн үед хэн ҮАБЗ-ийг тэргүүлж байсан юм, тухайн үед хэн ЗГ-т ажиллаж байсан юм. Хэн ямар шийдвэр гаргуулсан бэ гэдгийг тал бүрээс нь ярих ёстой. Тиймээс гурван асуудлыг яримаар байна.
Өнөөдрийн ЗГ-ын хурлаар Чингис хаан баялгийн сангийн нэгдэлд, Гашуунсухайтын төмөр замын асуудалд оффтэйк гэрээтэй холбоотой асуудлаар бүх процессийг нь олон улсын санхүүгийн үнэлгээ оруул. Хөндлөнгийн аудит оруул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Мөн сөрөг хүчний шаардлагууд надад ирсэн. Сөрөг хүчний шаардлагыг би хүндэтгэн хүлээн авч байгаа. УИХ-д сонсгол санаачлаад явж байгаа УИХ-ын гишүүдийг би манай танай гэх зүйл байхгүйгээр бүгдийг нь дэмжинэ. Шаардлагатай мэдээ мэдээллээр хангуулна. Хүний өөрийнгүй шалгацгаа. Одоо үнэн мөнийг нь тогтоож ард түмэндээ идэн далангуй нээлттэй ярьцгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхын нэр. Танилын нүүр халуун хэдий боловч та бидний ирээдүй илүү хайран байна. Ерөнхий сайдын хувьд хууль хяналтын байгууллагад би өнөөдөр хугацаатай үүрэг өгнө. Энэ асуудлыг нэг талд нь гарга. Хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Үнэн мөнийг нь тогтоо. Сонсголоо хий. Дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад хүргүүл гэдэг хугацаатай үүрэг өгье. Энэ хугацаатай үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол шат шатанд нь хариуцлага тооцох ажлаа би хийгээд явна. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг төрийн өндөр дээд албан тушаалтнууд хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэн бүхнийг хашиж буй албан тушаал, харьяалах нам эвслийг үл харгалзан монголын хууль дуудах болно гэдгийг сануулъя. Тиймээс олон нийт хамтдаа шаардлага тавьж засаг, төртэйгөө хамтран авлигатай тэмцэх ажлаа хийе.
Ирэх долоо хоногийн ЗГ-ын хурлаар хөрөнгө хураах хуулийг ЗГ УИХ-д өргөн мэдүүлнэ. Өчигдөр танилцуулга, бүх үзэл баримтлалыг эцэслэсэн. Дараагийн гурав дахь өдөр албажуулаад УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингээд хамтдаа шударга бус зүйлтэй хүний өөрийнгүй тэмцье. Учралын ЗГ байгуулагдангуутаа нэг оффтэйк гэрээ байгуулахгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргасан. Ингээд манай ЗГ 6 сарын хугацаанд нэг ч оффтэйк гэрээ байгуулаагүй. Яагаад гэвэл бид биржээр дамжуулан үнэтэй нүүрсээ заръя гэдэг шийдвэр гаргасан учир хэдэн өдөр экспорт буусан. Энэ бол урьдчилгаа төлбөр аваад, ам нөхцлөөр гэрээ хийхгүй байгаатай холбоотой. Тиймээс уул, уурхайн биржээ амилуулъя. Одоо үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг Уул, уурхайн биржийн хуулийн дагуу үнэтэй нүүрс арилжаалаад экспорт буцаад сэргэсэн. Оффтэйк гэрээнүүд бүгд ил болсон. Г.Занданшатарын ЗГ-ын үед бүх гэрээг ил болгосон. Одоо нуугаад хаагаад байх зүйл огтоос байхгүй.

-12° C
3607
0 cэтгэгдэлтэй