Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Энэ удаад “Мета” компанийн хөндлөнгийн баримт шалгах түншээр ажилладаг “Монголын баримт шалгах төв” энэхүү аяны оролцогчоор ажиллана. Тус төв нь Facebook, Instagram, Threads платформд түгж буй хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэлгээ өгснөөр тухайн хуурамч мэдээллийн хандалтыг бууруулан, түгээсэн хэрэглэгч бүрд мэдэгдэл хүргүүлдэг автоматжуулалт ашигладаг. Ингэж хуурамч мэдээлэлд өртсөн хүн бүрд бодит үнэн мэдээллийг хүргэх зохицуулалтаараа цахим орчинд залилангийн шинжтэй оролдлогуудыг бууруулахад чухал хувь нэмрээ оруулах аж.
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ.
“Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг сайтар нягтлах, мөн өөрийн банкны дансаа бусдад ашиглуулахгүй байх зэрэг нөлөөллийн арга хэмжээ, бусад ажлыг иргэд, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.

-2° C
3590.29
0 cэтгэгдэлтэй