ЭМГЭНЭЛ: Доржийн Батсүх /1954-2026/

xpost 8-р сар 24

Боржигон овогтой Доржийн Батсүх нь 1954 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Чоно гол” хэмээх газар төрсөн. 1973 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийг онц сайн дүнтэй төгссөн. 1973 – 1974 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн Дээд Сургуулийн Орос хэлний бэлтгэл ангийг төгссөн. 1974 – 1980 онд ЗХУ-ын Москва хотын Эрчим Хүчний Дээд Сургуулийн Үйлдвэрийн цахилгаан автоматжуулалтын инженерээр суралцаж төгссөн. 1980 – 1981 онд Гадаад худалдааны Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт Инженер, 1981 – 1984 онд Гадаад худалдааны Техник импорт нэгдэлд Конторын дарга, 1984 – 1988 онд Москва хотод Бүх холбоотын Гадаад худалдааны Академийг Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн.

1988 – 1991 онд Гадаад худалдааны Техник импорт хангамжийн нэгдсэн фирмийн захирал, нэгдлийн орлогч захирал, 1991 – 1995 онд Москва хотод суугаа Монгол улсын ЭСЯ-ны Худалдаа Төлөөлөгчийн Газарт мэргэжилтэн 1996 онд Япон улсад Гадаад шууд хөрөнгө оруулалтын дэмжих дээд курст суралцаж төгссөн. 1996 онд Техникийн ухааны магистр, 1996 онд Сангийн Яманд мэргэжилтэн, 1996 – 2000 онд Батлан Хамгаалах Яамны “Зэв” концернд тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000 – 2010 онуудад “СЭРҮҮЛЭГ”, “БИЛИГ ” дээд сургуулиуд болон “ИХ ЗАСАГ” Олон Улсын Их Сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 2010 – 2014 онд MYXAY мэргэжилтэн, Гадаад худалдааны Академид багш, Экспорт импортын бараны магадлан шагах газарт эксперт, 2014 – 2016 онд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Уд хотод суугаа Ерөнхий Консулын Газарт Консулаар тус тус ажилласан.

Монгол улсын Гадаад худалдааны салбар болон хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан тул ГХЯ-ны дэргэдэх Ахмадын хорооны гишүүн болсон.

Шагнал:

  • “300 лет Михаилу Васильевичу Ломоносову” медаль
  • “В ознаменование 140-летие со дня рождения В.И.Ленина” медаль
  • Монгол улсын Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан 2011 он
  • “Монгол ардын намын -90” медаль 2011
  • Монгол ардын намын “Эх ороны төлөө” медаль 2012
  • ОХУ-ын Ажил хэргийн ба мэргэжлийн 1-р зэргийн алдар медаль 2013 он
  • Монгол ардын намын “Ахмад зүтгэлтэн” цол, тэмдэг 2013
  • Монгол ардын намын “Эх орны төлөө” медаль 2013
  • Монгол ардын намын дээд шагнал Тусгай тогтнол одон 2014
  • МҮХАҮТанхимын дээд шагнал Хийморь хүндэтгэлийн одон 2014
  • Мөнх алдар медаль 2015
  • Монгол ардын намын “Тэргүүний ажилтан” 2015
  • Хөдөлмөрийн хүндэт медаль 2011 он
  • “Алтан гадас ” одон 2015 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ” 2019 он
  • Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль 2021 он
  • Монгол улсын худалдааны салбарын 100 жилийн ойн медаль 2021
  • Сонгинохайрхан дүүргийн Хүндэт тэмдэг 2024 он

Тэрбээр эгэл даруу, хөдөлмөрч, хүнлэг сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Гэр бүлээ бүхнээс илүү хайрлаж, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө зориулан хөдөлмөрлөж, амьдралын үнэт сургамжийг үйлдлээрээ үлдээсэн хүн юм. Түүний үнэнч шударга зан, бусдыг хүндэтгэх хүндлэл, хэзээд тусархуу сэтгэл нь бидний зүрхэнд үүрд мөнх үлдэх болно.

Түүнийг хүндэтгэсэн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд