Энгийн АИ-92-ыг Евро-92 нэрээр худалдаалж байгаа эсэхэд хяналт тавьж байна

xpost 53 минутын өмнө

Сүүлийн үед энгийн АИ-92 автобензинийг Евро-92 нэрээр өндөр үнээр худалдаалж байгаа эсэх талаар иргэдийн дунд эргэлзээ үүссэн. Энэ асуудалд дэд сайд Б.Мөнхтамир тайлбар өгөхдөө хоёр төрлийн автобензин нь чанарын үзүүлэлт, ялангуяа хүхрийн агууламжаараа ялгаатайг онцоллоо.
Евро-5 стандартын шаардлага хангасан автобензиний хүхрийн агууламж 10 ppm-ээс ихгүй байх ёстой бол Евро-2 ангиллын автобензинд энэ үзүүлэлт 500 ppm хүртэл байж болно.
Иймээс өөр өөр чанарын үзүүлэлттэй автобензинийг хольсон тохиолдолд хүхрийн агууламж өөрчлөгдөх бөгөөд лабораторийн шинжилгээгээр бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжтой.
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуун түгээх станцуудад долоо хоног бүр түүвэрчилсэн хяналт, шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогоор энгийн АИ-92 автобензинийг Евро-92 нэрээр худалдаалсан зөрчил илрээгүй байна.
Шатахууны чанарт тавих хяналтыг үргэлжлүүлж, стандартын шаардлага зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу арга хэмжээ авах юм.