Өнгөрсөн долоо хоногт төмөр замын өртөөнүүдэд шатахуун тээвэрлэсэн вагон-цистернүүд олноор хуримтлагдсан нь аж ахуйн нэгжүүд зориудаар шатахууны хомсдол үүсгэж байгаа гэх хардлага, шүүмжлэл дагуулсан.
Энэ талаар дэд сайд Б.Мөнхтамир тайлбарлахдаа вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаануудын нэг нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжих технологийн болон агуулахын хүчин чадлын хүндрэл гэдгийг онцлов.
Арав, арваннэгдүгээр сар нь дизель түлшний улирлын шилжилтийн үе бөгөөд аж ахуйн нэгжүүд зуны дизель түлшний үлдэгдлээ борлуулж, агуулахын савыг сулласны дараа өвлийн дизель түлшийг хүлээн авч буулгах шаардлагатай байдаг.
Одоогоор өртөөнүүдэд хүлээгдэж буй вагон-цистернүүдийн дийлэнх нь дизель түлш тээвэрлэж байгаа аж.
Харин АИ-92, Евро-92, АИ-95, АИ-98 зэрэг автобензинийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн авч, Толгойт өртөөнд хүргэн буулгасны дараа шууд түгээлтэд гаргаж байгааг тайлбарлав.
Иймд вагон-цистерний хүлээгдлийг автобензинийг зориудаар нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэж үзэх үндэслэлгүйг Шатахууны шуурхай штабаас мэдэгдлээ.

-5° C
3600.42
0 cэтгэгдэлтэй