Жагсаалтай, Айлчлалтай, Онсентай, Аваргатай 7 хоног

xpost Өчигдөр 19:45

2026 оны есдүгээр сарын 28-наас 2026 оны аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг товчлон хүргэж байна.

 

МАН-ын дарга нар арлын оронд Онсенд суув

Ерөнхий сайдын түвшний найман жилийн дараах албан айлчлал энэ долоо хоногт буюу 2026 оны есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд боллоо. Айлчлалтай зэрэгцээд 21 аймаг, 9 дүүргийн МАН-ын дарга нар арлын оронд очсон нь олны шүүмлэлд өртөв.  Японы талаас улс төрийн намын уулзалтаа зэрэгцүүлээд хийх хүсэлт гаргасан, энэ нь урт хугацааны өмнөөс төлөвлөсөн ажил байсан тухай албаны эх сурвалж дурдсан.   Хэдий төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдсэн нам засгийн ажил байсан гэсэн ч айлчлалын багт багтсан 50 гаруй намын хурган дарга нарын явдал суудлын зардал хаанаас гарав, заавал ийм өргөн бүрэлдэхүүнтэй сургалт хийх шаардлага байсан уу гэдгийг олон нийт асуусан. Харин МАН-ынхан төсвийн мөнгөнөөс зарлага гараагүй гэсэн ч санхүүжилтын эх үүсвэр хаанаас гарсан бэ гэдэгт албан ёсны байр суурь илэрхийлсэнгүй. Үүний зэрэгцээ Онсен буюу халуун рашаанд амарч буй зургаа олон нийтийн сүлжээнд гайхуулсан дарга нарын зургийг иргэд эсэргүүцэн ямар зардлаар ийнхүү тансагласнаа тайлагнахыг шаардаж байна.
Хурган дарга нарын дүйвээнээр Ерөнхий сайдын айлчлалын гол үр дүн, бидэнд хэрэгтэй юу шийдэв, ямар асуудал шийдээд ирэв гэдгийг олон нийт анхаарсангүй.
Ерөнхий сайдын айлчлал юу шийдэв

Ерөнхий сайдын айлчлалаас бид ямартаа ч Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг хөнгөлөлттэй зээлээр өргөтгөх, Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах асуудлуудыг хөндсөн. Мөн татвар, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж, Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллах, “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх, Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх, Хоёр шатлалтай “ЖАЙКА”-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.

“Буянт-Ухаа” нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ. Японы “Aeronext Inc” компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлэх гэх мэт асуудлыг шийдэв.

Өөрсдөө эрчим хүчгүй байж Японд эрчим хүч нийлүүлэх Т.Доржхандын попрол

Ерөнхий сайдын айлчлалын хүрээд Шадар сайд Т.Доржхандын хийсэн мэдээлэл олны дургүйцлыг хүргэсэн юм.  Тэрээр Японд тогтвортой найдвартай, хямд өртөгтэй эрчим хүчийг тогтмол нийлүүлэх тухай айлчлалын үеэр ярьсан. Тодруулбал, “Япон улс бүс нутгийн хэмжээнд технологийн тэргүүлэх гүрэн байх амбиц байна. Монгол Улс эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэрээр Японыг хангах боломжтой. Энэ нь хоёр улсын дунд болон урт хугацааны хамтын ажиллагааны бодит үр дүн” хэмээн илэрхийлсэн юм. Гэтэл бид өөрсдөө эрчим хүчний хувьд тогтвортой байж чадаж байгаа бил үү?

МАН-ын хагарал арилаагүй цагт иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх аргагүй болжээ

Бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд аравдугаар сарын 1-ний өдөр Төв талбайд үзэл бодлоо илэрхийлэх, явж буй газартаа зогсон машинаасаа бууж эсэргүүцлээ илэрхийлэх тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж эхлэв. Иргэд нэгдэхээ илэрхийлж, жагсаал болсон. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллага нь ч, сэтгүүлчид нь ч төлбөртэй, төлбөргүй хэмээн мэтгэлцэж үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг тэрний, энэний хүн хэмээн цоллож эхлэв. Энэ дунд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн энгийн иргэд, жинхэнэ жагсагчдын дуу хоолой сонсогдсонгүй. Жагсаал ч оройдоо өдөөн турхирах маягтай болж, жинхэнэ турхирсан этгээдүүд сэм оргон зайлж, мэдээлэлгүй байсан иргэд цагдаагийн хүчээр тараалган унаж явсан унаа тэргээ ачуулсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд хөвөрч байна. Нөгөө талаас бензин олдохгүй байна гэж жагссан иргэд бензин зарцуулж, дугааргүй машинаар ордныг тойрч гороолов. Жагсагчид зам хааснаас баруун талдаа Таван шар, зүүн талдаа Баянзүрхийн товчоо хүртэл түгжирсэн. Бензингүй иргэд түгжирч буй нь хачирхалтай л хэрэг.

АН-ын Улс төрийн зөвлөлд шийдвэр гаргах чадамж алга

Ардчилсан намынхан УИХ-д бойкот хийж, Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт тавьж чуулган хуралдаагүй. Харин өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргасан тухай танилцуулахдаа яг ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй бөөрөнхийлж орхив. Тэдний оруулсан Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл хүлээлгэх асуудал ч чимээгүй алга болж өнөөдрийн чуулганы ирц бүрдэж, чуулган үргэлжиллээ. Айлчлалд төсвийн мөнгөөр явж, халуун рашаанд амарсан МАН-ын гишүүдийг ард иргэд эсэргүүцсэн ч АН-ынхан эсэргүүцэж, ганц ч үг ган хийсэнгүй. Иргэд жагсаж бензин шатахуун олдохгүй байгааг эсэргүүцэн жагсахад ч АН ам нээсэнгүй.

Монголоос Оскард нэр дэвших “Тусгаар тогтнол”

99 дэх удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлээр найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” /Independence: The Keeper of the Decree/ уран сайхны кино шалгарчээ.
Уг бүтээлийг “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх кино бүтээлийг сонгон шалгаруулах Үндэсний сонгон шалгаруулах хороо сонгосон байна.
Хорооны бүрэлдэхүүнд Кино урлагийн зөвлөлийн гишүүд ажиллаж, ирүүлсэн бүтээлүүдтэй танилцсаны үндсэн дээр 2026 оны есдүгээр сарын 28-нд санал хураалтыг эцэслэн “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног Монгол Улсыг төлөөлүүлэхээр шалгаруулжээ.
NBA-н аварга Дуайт Ховард Монголд
NBA-гийн найман удаагийн Бүх оддын тоглогч, 2020 оны аварга Дуайт Ховард есдүгээр сарын 7-ны өдөр Монголд ирсэн. Тэрбээр Азийн аялан тоглолтынхоо гарааг Монголоос эхлэхээр сонгосон. 40 настай Ховард NBA-д 18 улирал тоглож, “Орландо Мэжик”, “Лос-Анжелес Лэйкерс” зэрэг долоон багийн өмсгөлтэй талбайд гарсан бөгөөд 2025 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд элссэн. Ховард өмнө нь 2011 онд Монголд ирж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин Монголд ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Айчи Нагояагаас 6 медаль хүртээд байна
“Айчи-Нагояа 2026” Азийн ХХ наадамд Монгол Улсаас спортын 31 төрөлд 303 тамирчин эрхээ аван хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Монголын баг тамирчдаас С.Жамбалжамц дугуйн төрөлд хүрэл медаль, У.Анужин жүдо бөхийн төрөлд хүрэл медаль, Т.Алтжин чөлөөт бөх хүрэл медаль, MLBB шигшээ баг э-спорт хүрэл медаль, К.Ёолк жүдо бөхийн төрөлд алт, Т.Ариунзаяа жүдо мөнгөн медаль тус тус хүртээд байна.
Б.Баатарыг хорихоос татгалзав?
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй.