
УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Үндэсний эвслээс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үндэсний эвслээс тус хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ хуулийг хэрэгжүүлснээр Францын талтай уран олборлох чиглэлд хамтран ажиллахад анхаарах хэд хэдэн асуудал бий.
Одоогоос 15 жилийн өмнө Оюутолгойн гэрээг үзэглэж байсан. Энэ гэрээтэй холбоотой улс төрийн асуудал одоог хүртэл үргэлжилж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улсын язгуур эрхийг хамгаалах нь маш чухал. Харилцан эдийн засгийн хамтын ажиллагаа байх нь дамжиггүй юм.
Мөн 126 гишүүн анхны төсвөө хэлэлцэж байна. Шинэ парламент иргэдийнхээ итгэлийг авахын тулд ажиллах ёстой. Үүний эхлэл нь улсын төсөв. Төсөвт уламжлал болсон байдлаар хандах юм бол улс орон элгээрээ хэвтэнэ. Өнгөрсөн жил улсын төсвийн зарлага 20 их наяд байсан бол ирэх жил 30 их наяд болжээ. Гэтэл орлогод баталгаа байхгүй. Түүхий нүүрсний зах зээлээс орлогоо тооцсон байна. Нүүрсний үнэ унаж байгаа. Гэтэл манай улс төсвөө маш өөдрөгөөр төсөөлж байна. Орлого зарлагын зөрүү гарахаар инфляц өдөөгддөг. Хэмнэх боломжтой маш олон зардлыг хэмнэсэнгүй. Түүнчлэн боловсон хүчний бодлого төлөвлөмөөр байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа “УИХ-аар Цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуулийг өөрчилж байгаа асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, Орона компанитай байгуулсан хэлэлцээртэй холбоотой.
Өнөөдөр Монгол Улсад ураны ашиглалтын лицензтэй найман компани байна. Гэрээ хэлэлцээр нь ямар агуулгатай хийх вэ гэдгийг анхаарах шаардлагатай байна.
Франц улстай хийсэн хэлэлцээр бол ихээхэн ач холбогдолтой, өргөн хүрээний агуулгатай хэлэлцээр байгаа. Боловсон хүчнээ бэлтгэх, газрын гүнд уусган баяжуулах зэрэг өргөн агуулгатай. Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төслийн хүрээнд нарийн асуудлыг оруулаагүй байна. Уран бол эдийн засгийн маш өндөр өгөөжтэй.
Ураныг газрын гүнд уусган баяжуулахдаа гүний усанд хэрхэн нөлөөлөх, судлан шинжлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар хэлэлцээрт тусгасан. Үүнд хяналт тавих чадамж байгаа эсэхэд эргэлзэж байна.
Үндэсний эвслийн хувьд энэ төсөл, гэрээ хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ хэрэгжүүлэх арга, гэрээ хэлэлцээрийн боловсруулалтад хяналт тавих шаардлагатай” гэлээ.
0 cэтгэгдэлтэй