
Умард Солонгос өчигдөр өглөө 07:10 минутад тив алгасах хүчин чадалтай алсын тусгалтай баллистик пуужин туршсан тухай Өмнөд Солонгос болон Японы арми, Батлан хамгаалахын зүгээс мэдэгдсэн билээ. Тэгвэл Умард Солонгосын төрийн мэдлийн сувгаар туршилтын тухай мэдээлэл өглөө.
Пёньяны өгч байгаа албан мэдээллээр өчигдөр хөөргөсөн пуужин тив алгасах хүчин чадалтай, цоо шинэ баллистик пуужин болох Hwasong-19 байсан гэжээ. Түүнчлэн хатуу түлшин хөдөлгүүртэй хамгийн сонгомол, цоо шинэ, сүүлийн үеийн зэвсгийн туршилт гайхалтай төгс төгөлдөр болсон гэж дамжуулсан байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Hwasong-19 пуужингийн туршилтад биечлэн оролцож амжилттай нь болсонд сэтгэл хангалуун байсан гэжээ. Мөн Пёньяны төрийн мэдлийн сувгаар дэлхийн хамгийн хүчтэй стратегийн пуужинг туршлаа хэмээн дамжуулжээ.
Умард Солонгосын эх сурвалжаас гадна Өмнөд Солонгос, Японы цэрэг арми өчигдөр өглөө туршилт хийсэн зэвсгийг өмнө туршиж байсан зэвсгүүдээс илүү өндөрт, илүү хол зайд хөөрснийг баталсан.
Пёньян хамгийн сүүлд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тив алгасах хүчин чадалтай алсын тусгалтай баллистик пуужингийн туршилт хийсэн. Уг туршилтыг Hwasong-18 пуужингаар хийсэн гэж ажиглагч орнууд мэдээлсэн. Японы талаас жилийн өмнө хөөргөсөн пуужин далайн түвшнээс дээш 6,000 км өндөрт хүрч, 73 минутын дараа далайд унасан гэж мэдээлж байжээ. Харин өчигдрийн харвасан пуужин 1,000 км орчим хол зайд тусах боломжтой, далайн түвшнээс дээш 7,000 км-т хүрч Хоккайдогийн хойд хэсэгт Окушири арлын баруун талд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна талд унасан гэж Токиогоос мэдээлжээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн сувгийн үргэлжлүүлэн мэдээлснээр Пёньян цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтээ хэзээ ч зогсоохгүй, эдгээр пуужин цэрэг армийн төгс зэвсэг болсон гэжээ. Энэ нь Умард Солонгосын зүгээс дайснууддаа өгч буй анхааруулга сэрэмжлүүлэг гэж харж байна. Ким Жон Ун өчигдөр хийсэн туршилтыг өөрийн охин Ким Жү Аетай хамт үзжээ.
0 cэтгэгдэлтэй