Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

xpost 11-р сар 28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болох юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.

Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж,   аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум  зохионо. Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байсан.

Хоёр улс 1970 оны зургаадугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн гэж ЕТГ-аас мэдээллээ.