УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Намынхаа талцал хуваагдлыг та хэрхэн харж байна вэ?
-Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажилласан. 1990-ээд оноос хойш ингэж удаан ажилласан генсек байхгүй. Миний хувьд яагаад 8 жил ажилласан гэхээр улс төрийн нам бол мэргэжлийн томоохон институц байх ёстой юм байна лээ. Төр улсыг удирдах гэж байгаа улс төрийн нам өөрөө институц болж чадахгүй болохоор төр үймээн самуун ихэсдэг. Төрд байгаа этгээдүүд зөвхөн улс төрийн намаар дамжин гарч, албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө явдаг нийгэм үүссэн учраас улс төрийн мэргэжлийн институц болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, өөрөө улс төрийн сонгуульд нэр дэвшихгүйгээр 8 жил намын генсекийг хийсэн. Энэ хугацаанд парламентад суудалтай суудалгүй улс төрийн намуудтай маш олон удаагийн уулзалт хийсэн. Улс төрийн намуудын төлөвшлийг бий болгох асуудалд онцгой анхаарах хэрэгтэйн байна. Яагаад ард иргэд улс төрийн намд шүүмжлэлтэй ханддагийн үндэс нь улс төрийн нам чадамжгүй байна.
Өнөөдөр үүсээд байгаа асуудал улс төрийн намын институц болох зорилго нь эхнээсээ ухарч, балартаж байна уу даа гэж харж байна. Санаа бодол нийлээгүй цөөнх болсон хэсгээ улс төрийн намаас хөөнө. Дарамтална. Зарим тохиолдолд хууль хяналтын байгууллагаар хүртэл дарамталж тодорхой эрхийг нь зөрчиж байгаа үйл явлууд хүртэл болж байна.
-Засгийн газрыг огцруулах асуудал яривал намаас хөөнө гэж Нарийн бичгийн дарга нь мэдэгдсэн. Нөгөө талаас сөрөг хүчин итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулиас эхлүүлээд аль хуульд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан, кноп дарсан этгээдийг аль намаас хөөнө гэсэн заалт хаана ч байхгүй. Монгол Ардын намын дүрмэндч байхгүй. Тэрбайтугай Я.Содбаатарын ширээний нүдэнд байгаа журманд ч тийм заалт байхгүй.
-Нам доторх хагарал их байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-УИХ-ын гишүүн гэдэг ойлголтыг Монгол Улсын Үндсэн хуульд ганцхан л зохицуулалттай. УИХ-ын гишүүнийг жагсаалтын, тойргоос сонгогдсон гэж ялгаж болохгүй. Заавал тойргоос сонгогдсон нь давуу эрхтэй, жагсаалтаар сонгогдсон нь бага эрхтэй гэсэн ялгавла байх ёсгүй. Энэ парламентын засаглалын хамгийн чухал зүйл. МАН-ыг өөрчлөгдөхийг ард түмэн хүссэн, хүлээсэн. Хагарал гэж та бүхэн бүү ойлгоорой. Бүгдээрээ жижиг юмны төлөө явсаар байгаад явцуу ойлголттой болж. Бидэнд юу хэрэгтэй байна гэхээр төр засаг эв нэгдэлтэй тогтвортой байх хэрэгтэй.
-Чуулганы ирц бүрдэхгүй байгааг юу гэж бодож байна. УИХ тарах уу?
-УИХ тарах хоёрхон л зам байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр нь гарын үсэг зарснаар чуулганаар хэлэлцэх нөхцөл үүснэ. Хоёрдугаарт, Засгийн газар огцроод дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор баталж чадахгүй байгаа тохиолдолд Ерөнхийлөгч парламентыг тараах зохицуулалттай. УИХ-ыг тараана гэж маш олон хүмүүс өөрт байхгүй Үндсэн хуулийн эрхээс давсан байдлаар ярьж байгаа нь буруу үзэгдэл юм. Миний хувьд парламент тарчих хэмжээний улс төрийн нөхцөл үүсэхгүй гэдэгт итгэтэй байна.
-Төрийн өмчит компаниудыг хувьчилж байж энэ асуудал цэгцрэх үү?
-Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа ярьж байсныг анзаарч байсан бол миний хамгийн том байр суурь байсан. Төрийн өмчит компаниудыг төрд зайлшгүй шаардлагатайг нь үлдээгээд татан буулгахыг нь буулгах ёстой. Хувьчлахыг нь хувьчлах ёстой гэж үзэж байсан.
-МАН-ын хэсэг гишүүд яагаад чуулгандаа суухгүй, УИХ-ын үйл ажиллагааг гацаасан бэ?
-Эрх барьж байгаа улс төрийн намын даргаар ажиллаж байгаа Ерөнхий сайд хүн маш олон даалгавар гүйцэтгэнэ. Энэ мэдээж амаргүй. Н.Учрал сайдын хувьд нас залуу ч зүтгэж байгаа, хичээж байгаа. Миний хувьд намын дарга болохоос нь эхлээд Ерөнхий сайд болох бүх процесс дээр нь дэмжсэн. Улс төрийн янз бүрийн зөрчлүүд гарч байна. С.Амарсайхан сайдыг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлөв. Энэ үнэхээр өөрийнх нь алдаа юм уу, эсвэл зохион байгуулалттай үйл ажиллагаанд ороод, дээрээс удирдлагатай, командтай зүйлд өртөөд ажлаасаа чөлөөлөгдсөн юм уу? Яагаад С.Амарсайхан сайдын өөрчилье гэж зорьсон, бугшсан байгаа олон зүйлд яагаад өөрчлөлт хийсэнгүй вэ? Зохион байгуулалттайгаар энэ хүний өөрийн болон гэр бүлийн нэр хүндэд ямар муухай, хүний ёсноос гадуур хандаж, ажлаас нь огцруулж байгаа юм бэ? Энэ өөрөө улс төр, шударга ёс, зарчим юм уу гэж асуух ёстой.
Л.Энх-Амгалан гэдэг сайд 3.5 тэрбум төгрөгийг “Их Засаг”-т тавиулсан. Жагсаалтын хэдэн онц сурлагатан нөгөө файлыг гаргаж иртэл зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн болсон. Тэр гэмт хэргийг нь олон нийтийн өмнө биш, намын даргын өмнө хийсэн гэмт хэрэг болгоод Ерөнхий сайдыг огцруулах гэж байна гэж үлгэр зохиосон.
Ийм үлгэр зохиогоод хэдэн бүсгүйчүүдийг дээрэлхэж байгаа үйл явдалтай эвлэрэхгүй. Улстөрчийн хувьд хатуу тэмцэнэ. Яагаад зальтай улстөрчид нь дээшээ яваад, шударга байсан нь хэлмэгдээд, дарамтлуулдаг юм бэ? Тийм зүйл байлгахгүйн тулд энэ асуудлыг нухацтайгаар тавьж байгаа. “Хоёр эмэгтэй гишүүнээс уучлалт гуйвал чуулгандаа орно” гэж байна лээ. Тийм зүйл байхгүй. Энэ хоёр эмэгтэй гишүүнээр дамжуулж, МАН-д байгаа 30 хэмээх бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэдэг зүйлийг нийгэмд үлдээх гэж байгаа. МАН-ын гишүүдэд ингэж ойлгуулах гэж буй улс төр. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, энэ асуудлыг ярина. Хариуцлагын асуудлыг сайд дээр ярих ёстой. Яагаад өөрөө хариуцлага алдчихаад Ерөнхий сайдынхаа эсрэг турхирах ажлыг зориуд, зохион байгуулалттай хийгээд байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөнө.
Улс төрийн нам нь ч, гишүүн нь ч бойкот хийх эрхтэй. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгогдсон, тойргоос сонгогдсон гэж ялгаварлаж болохгүй.
МАН жагсаалтын нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхдээ судалгаанд үндэслэн нэг ч улстөрчийг багтаагаагүй. Жагсаалтын гишүүн гэж ялгаварлан гадуурхаж огт болохгүй. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд баталдаг. Төсвийг хурдан батална гэхээс илүүтэй нухацтай, суурьтай хандаж байгаа. Нэг, хоёр хоногийн өмнө батлаагүй гэж бухимдах хэрэггүй.

8° C
3595.36
0 cэтгэгдэлтэй