Дэлхийн рекордыг Монгол Улсын баг тамирчид шинэчлэн тогтоолоо

xpost 2 цаг 4 минутын өмнө

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд 25,08 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, мөнгөн медалийн эзэд боллоо.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-ны өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо болж байна.
Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож байгаа юм.
Ингэснээр Турк улсын Измир хотноо 2017 онд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга тэмцээний байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, улсынхаа рекордыг шинэчилсэн түүхэн амжилтаа ахиуллаа.