АТГ: Нийслэлийн 24 төсөл, хөтөлбөрийг мөрдөн шалгаж, 9 хүнийг яллагдагчаар татсан

xpost 1 цаг 45 минутын өмнө

Авлигатэй тэмцэх газраас мөрдөж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээллүүд олон нийтээс ирсэн. Энэ мэдээллийн дагуу шалгаж энэ оны тавдугаар сард Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэдэг саналыг Улсын ерөнхий прокурорын газарт санал тавьсан. УЕПГ-аас саналыг хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллагаар явуулах тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу АТГ, ЦЕГ, ТЕГ-тай хамтран ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа 24 төсөл хөтөлбөрүүд, үүний дотор Туулын хурдны зам, Шинэ тойрог автозам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Дээрх 24 төсөл хөтөлбөрт ажлын хэсгээс нийт 6 хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын хүрээнд маш их хэмжээний цахим файлууд, тендер сонгон шалгаруулалт, санхүүгийн баримтуудад нийт 40 гаруй удаагийн үзлэг, нэгжлэг, хийж холбогдох байгууллагуудаас баримт гаргуулж авсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад төсөл нэгж хариуцсан албан тушаалтнууд, уг төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцсон аж ахуйн нэгжүүдийн хоблгдох албан тушаалтнууд гээд нийтдээ 200 орчим хүнээс мэдүүлэг авах, шилжилт хөдөлгөөн хязгаарлах, ирүүлсэн файл материалуудад судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөг явуулах, хуульд заасны дагуу зарим холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандаж, зөвлөмж дүгнэлт гаргуулах замаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна. Шалгасан 6 хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн. Үлдсэн таван хэрэг дээр эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр хэргүүдэд нийт 9 хүнийг яллагдагчаар татсан. Яллагдагч нарт хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа.
  1. Туулын хурдны зам:

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа төлбөр 500 тэрбум төгрөгийг олгохдоо төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гарган уг урьдчилгаа төлбөр 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж энэ оны есдүгээр сарын 25-нд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Тухайн үед НЗДТГ-т Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг шилжүүлэх боломжгүй. Хуульд заасан үндэслэл шаардлага хангагдаагүй байна гэж үзэн санхүүжилтийн эрхийг нээхээс татгалзсан байдаг. Гэтэл Х.Нямбаатар нь энэ хүнээс санхүүжилтийн эрхийг нь Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай руу шилжүүлж, санхүүжилтийн гүйлгээг хийлгэсэн байдаг. Яллагдагчаар татсан мэдээллийг өгөх ёстой байдаг учраас Х.Нямбаатарыг дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч ирээгүй. Шалгаад үзэхээр Х.Нямбаатар нь энэ оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гарсан бүртгэлтэй байна. Иймээс хаяг байршлыг тодруулахаар ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны ажлын албаар дамжуулан Олон улсын цагдаагийн байгууллагад хаяг байршлыг тогтоолгохоор хандаад байгаа. Одоогоор албан бус мэдээллээр түүнийг Канад улсад түр оршин сууж байна гэсэн мэдээлэл бий. Монгол Улс, Канад улс нь эрүүгийн хэрэгт харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэхдээ хоёр улс авлигын эсрэг гэмт хэрэгт НҮБ-ын конвенцид нэгдсэн улсууд.

Туулын хурдны замын хэрэг дээр сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа. Туулын хурдны замыг гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 13 дансанд байгаа 339 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, царцаасан.

Мөн Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд 7.2 га талбай өртсөн асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, Туул голын дунд насны бургасан ойг шилжүүлж байж төсөл хэрэгжүүлэх ёстой байтал бургасан ойг шилжүүлэх ажиллагааг огт хийхгүйгээр нийт талбайд хавтгайруулсан огтлолт хийсэн. Энэ хууль бус үйл ажиллагаанаас нийслэлийн ногоон бүсэд 352.2 сая төгрөгийн хохирол учруулсныг ойн мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байна.

2. Шинэ тойрог автозам

Шинэ тойрог автозамын урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарлагдсан. Энэ тендерийн сонгон шалгаруулалтыг НЗД-ын орлогч асан Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Үүгээр үндэслэн Т.Даваадалай болон хууль бус тендерийг шалгаруулсан гурван албан тушаалтныг хууль бус тендер шалгаруулж, үйл ажиллагаа явуулж, их хэмжээний ашиг олсон, эх үүсвэрээ нуун далдалж мөнгө угаасан гэмт хэрэгт Эрүүгийн тухай хуулийн тусгай агийн 22.1 зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокуророос хэргийг хянаад БЗ, Чингэлтэй, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх рүү шилжүүлээд байгаа. Одоогоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлагдаагүй. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдүүдийн 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн.

3. Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор

Нийт 7 багц тендер зарлагдсан байдаг. Үүний 4.2 багц буюу 994 айлын 14 блок барилгын төслийн ажил байгаа. Нийт өртөг нь 223.4 тэрбум төгрөг. Үүнд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хууль бус ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч этгээд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулж оролцсон гэдэгт шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд нийт 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж санхүүжилт олгосон байж болзошгүй гэсэн асуудалд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.