БНХАУ руу хоногт 1400 машин нүүрс гарч байна

xpost Лхагва гараг

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газраас нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах үүрэг өглөө. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын боомтоор 41.2 сая тонн нүүрс экспортод гараад байна. БНХАУ руу хоногт 1400 машин нүүрс гарч байна. Үүнийг нэмэгдүүлэхээр БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийнэ.

Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт найман хувьтай үргэлжилж байна. Төлөвлөсөн хугацаанд нь буюу 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 100 сая тонныг давна гэж тооцож байгаа.

Нүүрс тээврийн компаниуд гэрээний дагуу мөнгөө авч байгаа боловч жолооч нарынхаа цалинг нэмэхгүй байгаатай холбоотойгоор жолооч нар цалингаа чамлах болсон. Тиймээс би ирэх долоо хоногт Гашуунсухайтад ажиллахдаа нүүрс тээврийн жолооч нартай уулзана. Нүүрсний тээврийн үнийг гурван удаа нэмсэн. Гэтэл тээврийн компаниуд цаашаа жолооч нарынхаа цалинг нэмэхгүй байна” гэлээ.