Цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

xpost 8-р сар 18

COP17 хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга, “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд нийслэлийн иргэдэд ээлтэй, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэглээг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-г ашиглалтад орууллаа.

Тус бүтээн байгуулалтыг “Моннис” групп 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн бөгөөд нийт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

“Ногоон өртөө” нь 10 хүртэлх цахилгаан автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломжтой, 5 хурдан цэнэглэгч хошуутай бөгөөд 380 вольтын цахилгаан холболт болон шаардлагатай дэд бүтцийг цогцоор нь шийдсэнээрээ онцлог юм.

“Моннис групп”-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар цахилгаан машин нь шатахуунд зарцуулах зардлыг 90 хувиар бууруулдаг бөгөөд цаашид ногоон өртөө байгуулахад манлайлж ажиллана гэдгээ илэрхийлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас ялгардаг. Бид энэ хэмжээг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Цаашид энэ төрлийн машиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх төлөвлөгөөтэй. Мөн ногоон өртөөг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот цахилгаан автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна” гэлээ.