ЦЕГ: Нэг иргэнийг 30 хоногийн хугацаатай саатуулан шалгаж байна

xpost 8-р сар 19

НЦУГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Экологийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нямрагчаа: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд нийт 350 толгой шувуу барих зөвшөөрлийг 11 аймагт, гадаадын 4 улсын 24 иргэнд зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийн хүрээнд уг аймгуудад отог байгуулах зөвшөөрөл мөн олгосон. Уг отогт хяналт тавих тухайн аймаг орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны эрх бүхий албан тушаалтнууд хяналт шалгалт тавих үүргийг зохицуулсан байна. Зохицуулалтын хүрээнд гурав хоног тутамд отогт хяналт шалгалт хийж, тодорхой хэмжээнд гарал үүслийн бичиг олгохоор хуульд тусгагдсан.

Сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт бусдын орон байрт зөвшөөрөлгүй нэвтрэн хууль бус үзлэг хийсэн гэх гадаад улсын иргэнээс ирсэн мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас ЭХ-ийн 13.6-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр: Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй иргэд нэвтрэн, эрх чөлөө эд хөрөнгөд халдан, дураар авирлаж байна гэх гомдол мэдээллийг тус аймгийн цагдаагийн газар хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх нэр бүхий иргэдээс гадна дөрвөн иргэнийг хуулийн дагуу 48 хугацаатай саатуулсан. Хуулийн хугацаа өчигдөр дуусаж, нэг иргэнийг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай саатуулсан.