ОХУ-ын уран гулгагч Аделия Петросян олимпын эрх авлаа

xpost 9-р сар 22

“Милан -Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн есдүгээр сарын 18-21-нд БНХАУ-ын Бээжин хотноо боллоо. “ISU Skate to Milan-2025” олимпын эрхийн тэмцээнд ОХУ-ын тамирчдад ганцаарчилсан төрөлд оролцох боломжийг Олон улсын олимпын хороо, Олон улсын тэшүүрийн холбоо гаргасан юм. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Петр Гуменник, эмэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Аделия Петросян нар түрүүлж, ирэх онд Итали улсад болох өвлийн олимпын оролцох эрхтэй боллоо.

18 настай Аделия Петросян дотоодын тэмцээнд түрүүлж, олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон. Бээжинд болсон сүүлийн эрхийн тэмцээнд Аделия Петросян онцгой байж, богино болон чөлөөт үзүүлбэрт тэргүүллээ. Тэрээр 209,63 оноог авч тэргүүлсэн бол арын тамирчин 206,23 оноог авчээ.

ОХУ-ын 2024, 2025 оны аварга Аделия Петросян алдарт дасгалжуулагч Этери Тутберизегийн шавь юм.

Олон улсын олимпын хороо, Олон улсын тэшүүрийн холбоо гурван жил тэмцээн уралдаанд оролцоогүй байсан ОХУ-ын уран гулгагчдад боломж олголоо. Энэ боломжийг Бээжинд болсон эрхийн тэмцээнд ОХУ-ын Петр Гуменник, ОХУ-ын Аделия Петросян нар бүрэн ашиглаж, төрөлдөө түрүүлж, ирэх онд Италид болох Өвлийн олимпын XXV наадамд өрсөлдөх эрхтэй болов.