Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. Хар салхи, аадар борооны улмаас долоо хоног хүрэхгүйн хугацаанд багадаа 44 хүн амь эрсэдсэн байна.
Тус улсын Засгийн газрын хамгийн сүүлд хийсэн мэдээллээр таван мужийн нутаг дэвсгэрт үер, хөрсний гулсалт болжээ. Веракруз мужид 18 иргэн, Хидалгод 16, Пуэблад ес, Куэрэтарод нэг иргэн тус тус амиа алджээ.
Байгалийн гамшигт үзэгдлийн дараа сураггүй алга болсон хэдэн арван иргэн бүртгэгдсэн байна. Тиймээс амь насаараа хохирсон иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа.
Эрх баригчдын мэдээлснээр улс даяар 16 000 айл өрх амьдарч байсан оромжоо алдсан байна. Мөн үерийн улмаас 320 000 иргэн цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй болжээ.
Мексикийн армийн цэргүүд иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлагдсан байна. Цэргүүд аврах сал, завины тусламжтайгаар үер шаварт боогдсон байшингуудаас иргэдийг аварчээ.
Мексик болон нийслэл Мехико хотод энэ жил урьд өмнөх жилүүдээс илүү хур тунадас унасныг мэргэжилтнүүд тогтоосон.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум гамшгийн дараах нөхцөл байдалтай танилцах үеэрээ хэнийг ч орхилгүй үерт өртсөн иргэдэд бүгдэд нь дэмжлэг тусламж үзүүлэхээ амлажээ.
Үерийн бүсэд зам харилцаа саатсанаас зарим тосгон суурингууд боогдоод байна. Тэдгээр суурингуудад агаарын тээврийг ашиглан хүнс, ундны ус түгээж эхэлжээ.

-7° C
3588.75
0 cэтгэгдэлтэй