ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсамандын үлээсэн шүгэл хэр хол цуурайтах вэ

xpost Даваа гараг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас \ШШГЕГ\ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд хийсэн юм. Тэрбээр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хууль бус ажиллагаа болон хууль бус шийдвэр гаргалтын талаар шүгэл үлээв. 

Өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй” гэх мэдэгдлийг өөрийн цахим  хаягтаа нийтэлсэн. Өнөөдрийн ШШГЕГ-ын албан тушаалтнуудын хийсэн мэдээлэл Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотой юу. Хэрэв холбоотой бол ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг Ерөнхий сайд өөрийн танхимаас шахаж буй хэрэг үү. С.Амарсайхан танимаасаа хөөгдвөл хоёр Засгийн газраас хөөгдсөн анхны тохиолдол болох уу.

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсамандын үлээсэн шүгэл хэр хол цуурайтах вэ?

Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд: Өнөөдөр Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа нь хэвийн мэт боловч зарим нэг дотоод үйл ажиллагаа болохгүй байна. Ялангуяа хорих байрны аюулгүй байдалд аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өндөр үнэтэй зарим нэг материалуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль номын дагуу үүргээ байна. Энэ бүгдийг яах вэ дарга аа. Яах вэ, удирдлагаа, генералаа гэдэг. Манай чиглэл хариуцсан дэд дарга нар, албад газрын дарга нарын өдөр тутмын мэдээ мэдээлэл, санал хүсэлт өдөр тутам яригдаж байна. Хэлэлцэгдэж байна. Аюулгүй байдлынхаа үнэлгээг өдөр тутам хэлэлцэж байна, ярилцаж байна. Дээр дурдсан асуудлуудаар бид бүхэн ШШГЕГ-ын даргын зөвлөлөөрөө нээлттэй удаа дараа ярилцсан. Яах ёстой вэ, юу нь болоод байна вэ, юу нь болохгүй байна вэ. Үүсэж болзошгүй эрсдэл юу байна вэ. Яаж засах вэ, яаж залруулах вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг чиглэлээр бид өдөр тутам, хоногийн 24 цаг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангаж, хянаж ажиллаж байгаа гэдгийг хэлье.

Нөгөө талаар ХЗДХ-ийн сайдаас цагдаагийн байгууллагын зарим алба хаагчдад хууль бус үүрэг даалгавар өгсөн байж магадгүй гэдэг мэдээ мэдээлэл ихээр нийтлэгдэх боллоо. Дээрх мэдээлэлтэй холбоотой хэвлэл мэдээлэл, холбогдох албаны хүмүүсийн байр суурийг манай байгууллага анхааралтай ажиглаж байгаа.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор манай байгууллагад эрсдэлт байдалд учирч тун болзошгүй байгаа учраас бид өнөөдрийн мэдээллийг хийж байна.

Тухайлбал, ХЗДХ-ийн сайдын шууд томилдог манай байгууллагын тэргүүн дэд дарга гэж бүх хорих анги байгууллага, хорих байраа хариуцсан албан тушаалтан байдаг. Энэ хүн удаа дараа төрийн болон албаны нууцын тухай хуулийг зөрчсөн асуудлыг бид ярьж байсан. Хорих байгууллагын аюулгүй байдал гэдэг зөвхөн энэ байгууллагын аюулгүй байдал биш. Хорих байр байрлаж байгаа бүс нутгийн, орон нутгийн аюулгүй байдал. Цаашлаад улс гүрний аюулгүй байдал яригддаг, хамаардаг. Бид дор бүр нь засаад залруулаад явахгүй бол болохгүй. Удаа дараа ноцтой зөрчил гаргаж байгууллагын аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа асуудлыг бид холбогдох хууль хяналтын байгууллагад нь шилжүүлэн шалгуулахаар төлөвлөж байгаа.

Нөгөөтэйгүүр ХЗДХ-ийн сайдаас агентлагийн даргын томилох эрх бүхий албан тушаалтан алба хаагчдыг, тухайлбал хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод бүрэн нийцээгүй алба хаагчийг дэвшүүлэн томилохыг шаардлага тавьдаг. Одоо ч тавьсаар байгаа. Ёс ёмбогор, төр төмбөгөр. Бодлогын яамаа хүндлээд, сайдаа хүндлээд тодорхой томилгоонуудыг хийсэн. Тухайлбал, өнөөдөр ХЗДХ-ийн сайдын өөрийнх нь жолооч. Жолоочийнхоо эхнэрийг дарга болгосон. Төр хурх амралт сувиллын газрын дарга болгосон. Мөн тэр жолоочийнхоо төрсөн дүүг нь дарга болго гэсэн. Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон. Яамны хяналт шалгалтын газрын дарга, бригадын генерал Дамдинцэрэнгийн хүргэн дүүг дарга болго гэсэн болгосон. Төв аймагт. Гэтэл дахин шахсаар байгаа. Зарим нэг томилгоог нь хийхгүй, томилохгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, шахдаг, шаарддаг, сүрдүүлдэг.

Дараагийн дугаарт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж манай байгууллагын бас нэг үндсэн үйл ажиллагаа байдаг. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, хот суурин болгонд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдгийн нэг үйл ажиллагаа нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн өр төлбөртэй материалыг яамнаас шууд удирддаг. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх газар зохион байгуулна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина. Улсын ерөнхий гүйцэтгэгч дараагийн шатанд хяналт тавина, мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангана. Шаардлагатай тохиолдолд улсын байцаагчийн актаар зөвтгөнө, цуцална гэсэн гуравхан субьект л байдаг.

Яамны хяналт шалгалтын газрын дарга өрөөндөө дуудаж шийдвэрлэх ажиллагааг удирдаж болохгүй. Амаараа үүрэг өгдөг. Бичгээр үүрэг өгдөггүй. Манай байгууллагын онцлогийг мэддэг, манай байгууллагад олон жил ажилласан, манай байгууллагын дарга байсан генерал цолтой хүн тэнд ахлах шийдвэр гүйцэтгэгчийг дуудаад үүрэг даалгавар өгөөд, шийдвэр гүйцэтгэлийг гацаагаад удаашруулаад байгаа нь зохимжгүй байна.

Нөгөөтэйгүүр, 2014 онд ШШГЕГ-ын удирдах албан тушаалтан Дамдинцэрэн гэдэг хүн албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл Sonin.mn сайт дээр явж л байсан. 2019 онд Zarig.mn сайтад дээрхтэй ижил агуулгы бүхий мэдээлэл гарсан. Энэ үнэн юм уу. Үнэн бол үнэн. Үгүй бол үгүй гэдгээ энэ хүн хэлэх ёстой. Хэрвээ үнэн байгаад гэмт хэрэг үйлдсэн хүн бол ХЗДХ-ийн яам, шударга ёсны яамны нүд чих болсон хяналт шалгалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж болох юм уу.

Улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн компани гэж би ярьсан. Тухайлбал, өнөөдөр манай ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй ам.долларын төлбөртэй байж л байгаа. Дахиад танхимынх нь сайдын 53 тэрбум төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа. Дээрх материалд хууль журмынхаа дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуул гэдэг үүрэг чиглэл өгсөн. Гэтэл манай сайд хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаа юм. Бид 20, 30 жил хорих байгууллагад ажилласан. Хоригдлыг хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлдэг, нийгэмшүүлдэг ажлыг хийж ирсэн. Өнөөдөр ч хийж л байна. Ажлаас шалтгаалаад хоригдолтой сайдах, муудах бүх л төрлийн янз янзын хэрэг хийсэн хүмүүстэй сайдах муудах үе зөндөө л байдаг.

Ажил үүргээ хэвийн гүйцэтгэснийхээ төлөө янз янзын доромж үгээр хэлүүлэх зохимжгүй байна. Чам мууг байранд чинь тавина. Ажлыг чинь авна гэдэг ч юм уу. Ийм байдлаар төрийн үүргийг гүйцэтгэдэг алба хаагч гэж байхгүй.

Би хэн нэгэн сайдад, хууль бус үүргийг чинь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй. Би Монгол Улсын хуулийг биелүүлнэ гэж монгол төрийн өмнө тангараг өргөсөн, төрийн дээд цолтой, төрийн тусгай алба хаагч гэдгийг онцлон хэлмээр байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсоор хэрэгжүүлэх гэхээр бас л гацаагаад байгаа. Нөгөө л хяналт шалгалтын газрын дарга. Яамнаас өгсөн үүрэг гэх амаар өгсөн үүрэг даалгаврыг алба хаагчид биелүүлж эрсдэлд орох юм уу. Тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа хууль номын дагуу явуулах ёстой юм уу гэдэг эргэлзээтэй, хүчгүй сул, үлбэгэр, төлбөр авагчдыг чирэгдүүлсэн, гомдоосон өөрсдийгөө эрсдэлд оруулсан байдлыг алба хаагчдадаа би байнга төрүүлмээргүй байна. Энэ хэрээс хэтэрч байна. Алба хаагчдынхаа аюулгүй байдал, албаны хэвийн үйл ажиллагааг хадгалж, хамгаалж, өнөөдөр би бид дугарахгүй бол хэн дугарах вэ. Бид бодит нөхцөл байдлаа хэлэхгүй бол хэн хэлэх вэ. Гаднаасаа бид хорих байгууллага. Хаалттай, боолттой, харуул хамгаалалттай гээд мэддэггүй, ойлгодоггүй. Магадгүй нийгэмд зохион байгууллалттайгаар гүжир гүтгэлэг, байнга явж байдаг. Тэр нь төлбөр төлөгчийн талаас, хоригдлын талаас. Тиймээс алба хаагчтай байгууллагын даргын хувьд, төрийн цэргийн генералын хувьд хамгаалж энэхүү мэдээллийг хийж байна. Ирээдүйд цөөнгүй алба хаагч маань хууль ёсны дагуу гүйцэтгэх ёстой албан үүргээ гүйцэтгээгүйнхээ төлөө эрсдэлд орох, гэмтэн буруутан болохоос урьдчилан сэргийлж энэхүү мэдээллийг хийж байгаа гэдгийг хэлэх байна.