Аянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

xpost 1 цаг 42 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.09.21) БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Цахилгаан инженерийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж, “Монгол Улсад аянга илрүүлэх сүлжээ байгуулах” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсад аянгыг эрт илрүүлэх, мэдээллийг шуурхай хүлээн авах, холбогдох байгууллагуудад хүргэх нэгдсэн сүлжээг хамтран байгуулж ажиллах юм.
Уг сүлжээ ашиглалтад орсноор аянга болон цаг агаарын аюултай үзэгдлээс үүдэх эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэрэмжлүүлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ нисэхийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцолж байна.
Түүнчлэн аянгын мэдээллийг төмөр зам, эрчим хүч, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй зэрэг салбарын аюулгүй ажиллагаанд хүртэл өргөнөөр ашиглах боломжтой юм байна.
Мөн Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, цаг агаарын эрс тэс нөхцөлийг харгалзан уг сүлжээний мэдээллийг ой, хээрийн түймрийн эрсдэлийг эрт илрүүлэх, онцгой байдлын арга хэмжээг шуурхай зохион байгуулах, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх зэргээр ашиглах боломжтой гэдгийг БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүд танилцуулж байлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын үеэр Монгол Улсад аянга илрүүлэх сүлжээ байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар нийлүүлж, төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй БНХАУ-ын Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нисэхийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад талархал илэрхийллээ.
Тэрээр энэхүү төсөл нь иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаанаас эхэлж байгаа хэдий ч цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон салбарт үр өгөөжөө өгөх боломжтойг онцолж, ЗТЯ-ны зүгээс төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдэв.