Батмөнх Даян хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

xpost 1 цаг 28 минутын өмнө

Монголын төрийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг, Алтан ургийн 31 дэх хаан Батмөнх Даян сэцэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Батмөнх Даян хаан нь 1464 онд мэндэлсэн бөгөөд судлаачдын тогтоосноор өнөөгийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг, Их Аргалант уулын “Худаг цагаан дэрс” хэмээх газарт төрсөн хэмээн үздэг.
Тэрбээр 1470 онд долоон настайдаа Мандухай сэцэн хатны дэмжлэгээр Чингис хааны найман цагаан гэр буюу ерөнхий шүтээний өмнө тангараг өргөн, Монголын хаан ширээнд заларсан түүхтэй. Улмаар Монголын төрийг олон жил тогтвортой барьж, дотоодын бутрал, хямралыг зогсоон, монголчуудыг дахин нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Батмөнх Даян хаан 47 жил хаан ширээнд сууж, үүнээс 37 жил төрийн үйл хэргийг биечлэн залгамжлан барьсан юм. Түүний төр барьсан үеийг монголчуудын дотоодын зөрчил, бутрал намжиж, улс оронд тогтвортой байдал бүрэлдсэн үе хэмээн түүхэн сурвалж, судалгаанд тэмдэглэдэг.
Түүний хаанчлалын үеийг “гар газар, хөл хөсөр” хэмээн тодорхойлдог бөгөөд Монголын дотоодын улс төрийн бутралыг зогсоож, нэгдмэл байдлыг сэргээсэн нь Батмөнх Даян хааны түүхэн гавьяаны нэг юм.
Батмөнх Даян хааны түүхэн гавьяа, Монголын төр, эв нэгдлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг хойч үедээ таниулах зорилгоор Өмнөговь аймагт түүний нэр, үйл хэргийг алдаршуулах олон талт ажил зохион байгуулж ирсэн. Тухайлбал, Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд Батмөнх Даян хааны хөшөөг 2013 онд бүтээн босгосон бөгөөд уг хөшөө нь түүхэн хүний дурсгалыг хүндэтгэх, түүх, өв соёлоо сурталчлан таниулах бэлгэдэл болсон юм.
Өмнөговь аймгийн ИТХ, Батмөнх Даян хааныг алдаршуулах нийгэмлэг хамтран түүхэн үйл хэргийг судлан сурталчлах чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, Даян хааны нэрэмжит шагнал бий болгох зэрэг ажлыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд залуу хойч үедээ түүх, өв соёлыг нь өвлүүлэн үлдээхэд анхаарч байна.
Батмөнх Даян хааны түүхэн гавьяа, үйл хэргийг олон нийтэд сурталчлан таниулах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын шүлэг, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хөгжим “Далай бишрэлт Даян хаан” дууг Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин Э.Цогтбаяр дуулж, дүрсжүүлсэн бүтээлийн нээлт боллоо.