Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

xpost 5 цаг 20 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас өнөөдөр /2026.11.06/ Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн хүрээнд дөрвөн жилийн өмнөөс хэлэлцүүлж ирсэн энэ хуулийн төсөлд жил гаруйн өмнөөс ажилласныг тодотгов. Мөн Улсын Их Хурлын нэр бүхий 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Засгийн газраас санал аван холбогдох зохицуулалтуудыг тусган сайжруулан боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төсөл нь нийтийн эзэмшлийн орчинд төрийн болон нийтийн бүх үйлчилгээнүүдийг хүртээмжтэй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Энэ асуудалд тодорхой стандартыг тусгасан хууль тогтоомж байдаг хэдий ч, хууль хоорондын уялдаа холбоо байдаггүй. Иймд энэхүү төсөл нь хууль хоорондын харилцааг уялдуулан зохицуулах, хянах, хэрэгжилтийг нь хангахад чиглэснийг О.Саранчулуун гишүүн онцолсон.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хуулийн төслийн үйлчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй мянган иргэний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна 0-9 насны 725 мянга гаруй, 65-аас дээш насны 320 мянга орчим иргэн, 5 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 2 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эмэгтэй гээд ойролцоогоор 50-55 мянга орчим иргэн хамрагдана гээд, төслийн талаар Монгол Улсын 21 аймагт хэлэлцүүлэг хийсэн гэлээ.
Монгол Улсын Их Хурлын С.Бямбацогт маш чухал хуулийн төсөл өргөн мэдүүлж буйг тодотгоод, энэ нь 126 гишүүнтэй парламент улс төрийн намуудын болон нийгмийн бүлгүүдийн олон талт төлөөллийг хангасны үр дүн гэдгийг онцолж байлаа.
Хуулийн төсөл 9 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байна. Тодруулбал, саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүний амьдрах орчныг сайжруулах, олон талын оролцоог тусгасан тусгайлсан зохицуулалт хийн, салбар дундын бодлогоор шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх, үүрэг, оролцоог тодорхойлох, хүртээмжийн үнэлгээ хийх талаар холбогдох асуудлыг тусгасан байна.
Түүнчлэн барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээнд саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бие даан оролцох эрхийг хангахад чиглэсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх асуудлыг тусгажээ.
Хуулийн төсөлд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0–3 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүмүүст төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үндсэн чиг үүрэг болох хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмж сайжрах, төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг тодорхой болж хуулийн болон чиг үүргийн давхардал, хийдэл арилна гэж төсөл санаачлагчид үзжээ.