Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна

xpost 1 цаг 48 минутын өмнө

Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.11.06) болж, шатахууны импорт, тээвэрлэлт, нөөц, түгээлт, чанар болон үнийн хяналтын асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны дараа Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн дэд сайд, Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдал болон олон нийтийн дунд үүсээд буй зарим эргэлзээтэй асуудалд дэлгэрэнгүй тайлбар өглөө.

НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ ГЭДЭГ НЬ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАСАН ГЭСЭН ҮГ БИШ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын шатахууны нийлүүлэлттэй холбоотой мэдэгдлийн талаар дэд сайд Б.Мөнхтамир байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр ОХУ геополитикийн хүндрэлтэй нөхцөлд ч Монгол Улсад шатахууны нийлүүлэлтээ тасралтгүй үргэлжлүүлж ирснийг онцолж, Оросын талын хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
ОХУ-аас Монгол Улсад долдугаар сард 47 мянган тонн, наймдугаар сард 67 мянган тонн, есдүгээр сард 64 мянган тонн, аравдугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлсэн бол арваннэгдүгээр сард 70 мянган тонн нийлүүлэхээр баталгаажуулаад байна. Автобензиний сарын хэрэглээ ердийн үед 70 мянган тонн орчим байдаг бол зуны улиралд сардаа 100 мянган тоннд хүрдэг. Иймээс Монгол Улс шатахууны хангамжаа зөвхөн нэг улсаас хамааралтай байлгахгүй байх, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах зорилгоор импортын эх үүсвэрээ төрөлжүүлж, БНХАУ, Казахстан, БНСУ зэрэг улсаас Евро5 стандартын шатахуун татан авах ажлыг хэрэгжүүлж байна.
Нөгөө талаас Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өссөн байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, тээвэрлэлт эрчимжсэн, автомашины импорт болон хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой юм.