ХӨСҮТ: Цахим орчинд тархсан мэдээлэл нь ор үндэслэлгүй, хүний ​​нэр төрд санаатайгаар халдсан хуурамч мэдээлэл

xpost 58 минутын өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төюөөс цаг үеийн асуудалтай холбоотой мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

“Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус)-ийн халдвартай, ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээллийг цахим орчинд тархааж байна. Манай төв ХДХВ-ийн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тандалт, судалгааг хариуцдаг мэргэжлийн байгууллагын хувьд тус мэдээлэлд албан ёсны тайлбар мэдэгдэл хийж байна.

Манай улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн. 2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна. Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл байгууллагад тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2 хувь) хүн байна. Хувь хүний ​​нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлалын өндер зэрэглэлтэй хамгаалагдсан байдаг. Мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдэд “Нууцын гэрээ” байгуулж ажилладаг.

ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжиж халдварласан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн, тэдгээрээс 15 эх давтан төрсөн ба хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.

Цахим орчинд тархаж буй энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, хүний ​​нэр төрд санаатайгаар халдаж байгаа хуурамч мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 2026 оны 9 дүгээр сарын 21